
НЯРАЙД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Сорхуны нярайн асаргаа сувилгааны онцлог : Сорхун төвийн нярайн тусламж үйлчилгээ нь зөвхөн хүүхдийг асарч өгөхөд бус, нярайн биеийн байдлыг мэргэжлийн түвшинд хянах, өдөр тутмын асаргаа сувилгааг хийх, эхийн хөхүүлэлтийг дэмжих, залуу ээж аавуудын хүүхдээ зөв асрах мэдлэг, дадал олгох цогц зарчимд тулгуурладаг.
Ээж төрсний дараах гам барих, амрах, биеэ нөхөн сэргээх хугацаанд нярай нь мэргэжлийн багийн 24 цагийн хяналт, асаргаа сувилгаанд байна.
Харин гэртээ харих үед ээж, аав хүүхдийнхээ хооллолт, усанд оруулалт, хүйн болон арьсны арчилгаа, өдөр тутмын өөрчлөлтийг ажиглах талаар шаардлагатай үндсэн мэдлэг, дадлыг эзэмшсэн байхыг бид зорьдог.
Амьдралын эхний өдрүүдэд нь мэргэжлийн хяналт, 24 цагийн асаргаа сувилгаа...
Нярайн үе бол хүүхэд эхийн хэвлийгээс гадаад орчинд дасан зохицож, амьсгал, хооллолт, биеийн дулаан, жин болон бусад физиологийн үйл ажиллагаа нь тогтворжин хэвших онцгой чухал үе юм.
Сорхун төрсний дараах эх, нярайн сувилахуйн төвд нярай бүрийг мэргэжлийн нярайн эмч, эх баригч, мэргэшсэн нярайн сувилагч нарын хяналтад 24 цагийн турш асарч сувилан, хүүхдийн нас, биеийн байдал, хэрэгцээнд тохирсон тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Бидний зорилго бол нярай хүүхдийн амьдралын эхний өдрүүдийг аюулгүй, тайван, мэргэжлийн асаргаа сувилгаатай орчинд өнгөрүүлэхийн зэрэгцээ ээжийг хангалттай амарч, төрсний дараах гам барих, биеэ нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэхэд оршино.
Нярайн эмчийн 1:1 үзлэг, зөвлөгөө, хяналт :
Нярай бүр мэргэжлийн эмчийн үзлэг, хяналтад байна.
Нярайн эмч хүүхдийн биеийн ерөнхий байдал, амьсгал, зүрхний цохилт, биеийн халуун, арьсны өнгө, шарлалт, хооллолт, жингийн өөрчлөлт зэрэг үзүүлэлтийг үнэлж, хүүхэд бүрийн онцлогт тохирсон зөвлөгөө өгнө. Шаардлагатай тохиолдолд нэмэлт хяналт, шинжилгээ болон эмчилгээний талаар эцэг эхэд зөвлөгөө өгч, тохирох тусламж үйлчилгээг зохион байгуулна.
24 цагийн асаргаа, сувилгаа :
Манай нярайн мэргэшсэн сувилагч, эх баригч нар 24 цагийн турш нярайн биеийн байдал, хооллолт, унталт, ялгаралт болон өдөр тутмын хэрэгцээг тогтмол ажиглаж, мэргэжлийн асаргаа сувилгаа үзүүлнэ.
Энэ хугацаанд хүүхдийн хэвийн байдлыг тогтмол ажиглаж, анхаарал шаардсан өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчтэй уялдан шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авна.
Нярайн хооллолт :
Нярайн зөв хооллолт нь амьдралын эхний өдрүүдийн өсөлт, дасан зохицолд чухал ач холбогдолтой. Манай мэргэжлийн баг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж, хүүхдийн хөхөлт, хооллох давтамж, хооллолтын байдлыг тогтмол ажиглана.
Ээжид хүүхдээ зөв амлуулах, хөхүүлэх, хэхрүүлэх зэрэг зөвлөгөө, дадлыг зааж өгөхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд нярайг угжаар зөв хооллох аргачлалыг хэрэгжүүлнэ.
Усанд оруулах :
Нярайг усанд оруулахдаа хүүхдийн биеийн байдал, биеийн дулаан болон орчны нөхцөлийг харгалзан аюулгүй, зөв аргачлалаар гүйцэтгэнэ. Мөн ээж, аавд нярайгаа хэрхэн зөв барих, усанд оруулах, усанд оруулсны дараа хувцаслах зэрэг өдөр тутмын асаргааны зөвлөгөөг өгнө.
Нярайн арьсны арчилгаа :
Нярайн арьс маш нимгэн, эмзэг байдаг тул өдөр тутмын зөв арчилгаа чухал. Нярайн арьсны өнгө, хуурайшилт, улайлт, тууралт болон живхний хэсгийн арьсны байдлыг ажиглаж, арьсыг цэвэр, хуурай байлгах болон тохирсон арчилгааг хийнэ.
Хүйн арчилгаа :
Нярайн хүйг цэвэр, хуурай байлгаж, хүйн үлдэгдэл болон түүний орчмын арьсны байдлыг тогтмол ажиглана.
Хүй орчимд улайх, хавдах, шүүс гарах зэрэг өөрчлөлт байгаа эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд нярайн эмчид мэдээлэн зөвлөгөө авна. Мөн ээж, аавд хүүхдээ гэртээ гарсны дараа хүйг хэрхэн зөв арчлах талаар зөвлөгөө өгнө.
Хамар цэвэрлэх :
Нярайн хамрын амьсгал чөлөөтэй байгаа эсэхийг ажиглаж, шаардлагатай үед хамрын гадна болон харагдах хэсгийн бохирдлыг нярайд тохирсон аюулгүй аргачлалаар цэвэрлэнэ.
Нүдний цэвэрлэгээ :
Нярайн нүдний орчимд үүссэн ялгадас, бохирдлыг зориулалтын цэвэр материалаар, эрүүл ахуйн зөв аргачлалын дагуу цэвэрлэнэ. Нүд улайх, хавдах, ялгадас ихсэх зэрэг өөрчлөлт илэрвэл эмчид мэдээлж, шаардлагатай зөвлөгөө, тусламжийг авна.
Чихний цэвэрлэгээ :
Нярайн чихний гадна хэсгийн цэвэр байдлыг хангаж, шаардлагатай үед зөвхөн гадна хэсгийг аюулгүй аргачлалаар цэвэрлэнэ. Чихний суваг руу хөвөнтэй савх болон бусад зүйл хийхгүй байх зэрэг нярайн чихний зөв арчилгааны талаар эцэг эхэд зөвлөгөө өгнө.
Жингийн хяналт :
Нярайн жин нь хооллолт болон биеийн ерөнхий байдлыг үнэлэхэд ашигладаг чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Манай баг нярайн жинг тогтмол хэмжиж, төрсний дараах жингийн өөрчлөлт болон цаашдын нэмэгдлийг хооллолт, шээх ба баах давтамж зэрэг бусад үзүүлэлттэй хамтатган ажиглана.
“Имж эх” асаргаа :
“Имж эх” асаргаа нь нярайг ээж, аавын цээжинд арьс арьсаар нь хүрэлцүүлэн тэврэх арга юм. Энэхүү асаргааг хүүхдийн биеийн байдалд тохируулан мэргэжлийн багийн зөвлөгөө, хяналтын дор хэрэгжүүлж, эх хүүхдийн ойр дотно харилцаа, хөхүүлэлт болон нярайн тайван байдлыг дэмжихэд ашиглана.
Нярайн шарлалтын хяналт :
Нярайн шарлалт нь амьдралын эхний өдрүүдэд түгээмэл тохиолддог тул манай төвд нярайн арьсны өнгө болон шарлалтын байдлыг тогтмол ажиглаж, шарлалтын түвшинг зориулалтын төхөөрөмжөөр хэмжин хянана.
Хэмжилтийн үр дүн болон нярайн нас, биеийн байдлыг харгалзан шаардлагатай тохиолдолд нярайн эмч нэмэлт хяналт, шинжилгээ болон эмчилгээний талаар зөвлөгөө өгнө.
Фото эмчилгээ : Нэмэлт төлбөртэй үйлчилгээ
Нярайн шарлалтын түвшин эмчилгээ шаардсан тохиолдолд нярайн эмчийн заалт, хяналтын дагуу фото эмчилгээ хийх боломжтой. Фото эмчилгээний хугацаа болон давтамжийг нярайн шарлалтын түвшин, нас, биеийн байдал болон эмчийн үнэлгээнд үндэслэн тодорхойлно.

Тавтай морилно уу!